LaTeX системд олон үндэсний хэлээр баримт бэлтгэж болдог. \LaTeX систем анх үүсэхдээ 8 битийн үсгийн кодчилолд ажиллахаар бүтээгдсэн байдаг. Одоогоос хэдэн жилийн өмнө бид ч мөн кирил цагаан толгойн 8 битийн CP1251 кодчилолыг ашиглаж MS Office болон бусад програмд кирил бичгийг хэрэглэж байлаа. LaTeX дээр ч мөн ялгаагүй. Гэвч MS Windows юникодоор Монгол бичгийг дэмждэг болсноор нэмэлт гарын драйвер програмгүйгээр юникодоор бичиг баримтаа асуудалгүй боловсруулдаг болсон. Нөгөө талаар Монгол улсын Засгийн газар Монгол бичгийн юникодыг албан хэрэг хөтлөлтөнд ашиглаж байх шийдвэр гаргасан. Энэ бүхнээс үүдээд LaTeX баримтыг 8 битийн хуучин кодчилолоор бэлтгэх нь зохицолдлогооны хүндрэлийг бий болгодог.

Харин LaTeX системийг хөгжүүлэгчдээс боловсруулсан Babel пакет олон хэлний энэ хүндрэлийг арилгаж чадсан. Техникийн шийдлийн цаад нарийн учрыг хөндөлгүйгээр энэ пакетыг ашиглаж юникодын кодчилолтой LaTeX баримт хэрхэн бэлтгэхийг авч үзье.

\LaTeX баримтын \begin{document} хүртэлх эхний хэсгийг preamble буюу оршлын хэсэгт нэмэлт боломжийг хангагч пакетуудыг \usepackage командыг бичдэг. Тэгвэл энэ хэсэгт дараах командуудыг бичиж өгөх шаардлагатай:

\usepackage[utf8]{inputenc}
\usepackage[T2A]{fontenc}
\usepackage[mongolian]{babel}

Эхний команд \LaTeX агуулгыг юникодын UTF8 кодчилолоор оруулах, хоёр дахь команд \LaTeX баримтыг кирил цагаан толгойн T2A тусгалаар харуулах, гурав дахь команд \LaTeX баримтыг монгол хэлний кирил бичгээр бэлтгэнэ гэдгийг зааж өгдөг. Нэг баримт дотор олон хэлний текстийг хослуулж ашиглах бол сүүлийн командад таслалаар тусгаарлан бусад хэлийг жагсаан бичнэ.

Мэдээж хэрэг \LaTeX редакторын тохиргоондоо баримтыг UTF8 кодчилолоор хадгална гэдгээ заах ёстой. TeXstudio редакторт Edit - Setup Encoding... цэсийг сонгож тохиргоог хийнэ. 

Дээрх 3 командыг \LaTeX баримтын болж өгвөл эхэнд оруулахыг зөвлөж байна. Ингэснээрээ дараа дараагийн пакетууд түүний тохиргоог ашиглах боломжтой болдог.

Babel пакетын бүх боломжийг дэлгэрүүлж үзэхийг хүсвэл хавсаргасан гарын авлагыг харна уу.

Ингээд эцэст нь кирилээр бэлтгэсэн нэгэн баримтыг хавсаргасан файлуудаас жишээ болгон харна уу.

 

Last modified: Sunday, 24 March 2013, 2:50 PM